Эм зүйч бэлтгэх сургууль байгуулсан нь түүхэн үүргээ биелүүлсэн хэрэг
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Боловсрол

Монголын Эрүүл Мэнд, Гоо сайхны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Группийн 25 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна.  Манай улсын шилдэг 50 аж ахуйн нэгжийн тоонд зүй ёсоор тооцогддог тус  групп өдгөө 12 салбар компанитай, 1200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй билээ. Эдгээр салбаруудын нэг нь болох   Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн захирал, доктор, профессор Л.Цэрэндуламтай ярилцлаа.

“Монос” дээд сургууль өргөжин, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль  болоод анхныхаа хичээлийн жилийн нээлтийг хийж байна. Энэ жил танай сургуульд нийт хичнээн оюутан шинээр элссэн вэ?

Манайх   2015 оны 3-р сард Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны  сайдын тушаалаар Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсон. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль болж өөрчлөгдөөд  анхныхаа элсэлтийг авч байна.  180 орчим оюутныг Эм зүй, Эмийн үйлдвэрийн инженер технологи, Уламжлалт эмчилгээний их эмчийн ангид элсүүлж, сургаж байна.

Монос Групп  дээд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, эм зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байгуулсны зорилго нь юу юм бол?

Монголчууд бид цагаан морин жилийн хувьсгалаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн  эдийн засгийн харилцаанд  шилжсэн. Зах зээлийн харилцаа, иргэний ардчилсан тогтолцооны  эхэн үед нийгэм, эдийн засгийн харилцаанд цоо шинэ хандлага буй болж, эдгээр нь нийгмийн бүх салбарт, тэр дундаа эм хангамжийн болон дээд дунд боловсролын  байгууллагуудын цаашдын хөгжлийн чигийг тодорхойлж,  хувийн хэвшлийн байгууллагууд олноор үүсч эхэлсэн. Энэ үед манай улсын хэмжээнд эм зүйн боловсон хүчний хангамж дутагдаж байсныг харгалзан, Монос Группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нарын санаачилгаар анхны Эм Зүйн хувийн сургуулийн суурь тавигдсан. Тодруулбал манай сургууль 2000 оны 3 сарын 22-ы өдөр Боловсролын сайдын 63 тоот тушаалаар  Монос коллеж нэртэйгээр байгуулагдсан. Улмаар 2004 онд “Монос” Эм зүйн сургууль , 2010 онд “Монос” дээд сургууль болсон.

Ингээд 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль болж өргөжөөд байна. Ер нь манай эмийн салбар Эрүүлийг хамгаалах системээсээ хамгийн түрүүнд хувьчлалд орсон юм. Ингээд  эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага , эмийн үйлдвэрүүд олноор байгуулагдсан хэдий ч  боловсон хүчин маш их дутагдалтай байсан. Тийм ч учраас  энэ салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй  шаардлагатай болсон тул  анхны хувийн эм зүйн сургууль байгуулагдсан юм.  Өөрөөр хэлбэл Монос Групп эм зүйч бэлтгэх сургууль байгуулсан нь эрүүл мэндийн салбарын өмнө хүлээсэн түүхэн үүргээ л биелүүлсэн хэрэг. Бид хэзээ ч ашиг орлогын араас хэт  их хөөцөлдөж, залуусын хошуурч буй  олон төрлийн мэргэжлүүдээр элсэлт авч байгаагүй. Гагцхүү  эм зүйн чиглэлийн чадварлаг  мэргэжилтнүүдийг бэлтгэхэд л бүхий л анхаарлаа чиглүүлж ирсэн байдаг.

Танай сургуулийг одоо нийт хичнээн хүн төгсөөд байна вэ?

Нийт 800 орчим хүн төгссөн. Манай сургууль  төгсөгчидтэйгээ эргэх холбоотой байхыг чухалчилж, тэднийхээ хөдөлмөр эрхлэлтийн  судалгааг жил бүр гаргадаг. Уг судалгааны дүнгээс харахад  төгсөгчдийн маань 98 хувь одоогоор ажлын байртай, яг өөрийн салбартаа идэвхтэй ажиллаж байгаа. Үлдсэн хувь нь жирэмсэн, хүүхэд асрах зэрэг түр хугацаагаар чөлөөтэй байгаа.  Өөрөөр хэлбэл манай сургуулийн төгсөгчид  бараг бүгд ажлын байраар хангагддаг гэсэн үг. Мөн Монос Группийн удирдлага Эм зүйн Шинжлэх ухааны их сургуулийн төгсөгчдийг  салбар компаниуддаа түлхүү ажиллуулахыг зорьж байна.

Тэгвэл Монос дээд сургуулийг төгсөөд Монос Группт амжилттай  ажиллаж буй  залуус олон бололтой?

Тийм шүү. Жишээлбэл би өнгөрсөн оны  шинэ жилийн баярт оролцож байхдаа сургуулиараа үнэхээр их бахархсан. Яагаад гэвэл Монос Группийн  1000 гаруй ажилчид цугласан шинэ жилийн баярын үеэр хамгийн их шагнал авч, хамгийн их шилдэг тэргүүний болж байсан хүмүүс нь манай сургуулийн төгсөгчид байсан. Манай төгсөгчид зөвхөн Монос Групп, түүний салбар компаниудад төдийгүй, улсын  хувийн гээд бүхий л секторт  эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байна.  Шавь нар маань надтай амжилтаа хуваалцдаг нь их сайхан. Жишээлбэл  хамгийн сүүлд манай А.Амарзаяа гээд  төгсөгч маань “Монос фарм” эмийн үйлдвэрт ажиллаж байгаад тушаал дэвшлээ, Одоо бараг дээрээсээ 3 дахь хүн нь боллоо гэж орж ирж байсан. Н.Чинсүх гээд төгсөгч маань багшаа би үйлдвэрийнхээ  мастер болчихлоо гээд баярлаад орж ирэх жишээтэй. Яг энэ агшинд санагдаж буй хоёр хүнийхээ л тухай ярилаа шүү. Бүгдээрээ хийморьтой сайхан ажиллаж байгаа даа, манай төгсөгчид. Тэр болгоны нэрийг дурьдана гэвэл цаас, цаг үнэхээр багадах биз ээ.

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургааль мэдээж боловсролын байгууллага. Нөгөө талаараа Монос  Группийн харьяа салбар хэсэг нь . Тэгэхээр группийн бусад салбаруудтай ямар уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсноор бид нийт дөрвөн бүрэлдэхүүн сургуультай,  харьяа хоёр байгууллагатай болсон.  Эдгээр нь  Эм судлалын хүрээлэн,  Эмийн үйлдвэр . Ингэснээр сургалт, судалгаа, үйлдвэрлэл гурвыг  бүрэн цогцоор нь хэрэгжүүлэх боломж  нээгдэж байгаа. Өөрөөр хэлбэл манай сургуулийн багш нар маань Эм судлалын хүрээлэнд орж, судалгаа шинжилгээнийхээ ажлыг хамтарч хийнэ.Хүрээлэнгийн  эрдэмтэн судлаачид манай сургуульд лекц унших, хичээл заах, магистр, докторын ажлыг удирдах зэрэг ажлуудыг хийж байгаа. Мөн манайх  саяхан  сургуулийнхаа  Эмийн үйлдвэрийн инженер технологийн тэнхимийг Эмийн үйлдвэр дотроо байгуулсан.  Ингэснээр оюутнууд маань  практик дээр  эмийн үйлдвэрийн хамт олонтой хамтарч ажиллаж,  өдөр тутам мэдсэн онолын мэдлэгээ тухай бүрд нь дадлагажуулах боломжтой болж буй юм. Эмийн үйлдвэрийн инженер технологийн  ангийн оюутнууд маань  сүүлийнхээ 2 жилээ БНСУ-ын Олон Улсын Их Сургуульд сураад хоёр  орны дипломтой төгсдөгөөрөө онцлог юм. 

Тэгэхээр танай сургууль боловсролын салбарынхны олон жил ярьсан онол, практик хосолсон сургалтыг жинхэнэ утгаар нь нэвтрүүлж буй байх нь ээ?

Даруу бус санагдаж болох ч үнэндээ тийм.  Манай сургууль  Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас гаргасан нийтлэг шаардлага, хууль дүрэм, 2013 онд батлагдсан стандартын дагуу сургалтынхаа хөтөлбөрийг  хийж явдаг. Гэхдээ  бид нар энэ жилээс арай  өөр сургалтын хөтөлбөрийг боловсруулаад хэрэгжүүлж эхэлсэн. Ер нь  өнөөдөр дэлхий даяараа  энтрепренер их сургууль буюу сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогц бүхий сургуулиудыг хөгжүүлнэ гэсэн бодлогыг барьж байгаа.  Бид яг л энэ чиглэл рүү явж байгаа.  Мөн зөвхөн онол практикийг хослуулах ч бус бас  хандлага чухал. Ялангуяа бусдын эрүүл мэндийн төлөө ажиллах зорилготой манай мэргэжилд энэ нь маш  их чухал.  Энэ чиглэлийг ч бид хөтөлбөртөө тусгасан байгаа. Мэддэг төдийгүй чаддаг хамгийн гол нь ёс зүйтэй, эерэг, хүмүүнлэг хандлагатай мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн үг л дээ.  Цаашид дадлагынхаа баазыг   улам олшруулж, арга барилыг нь тогтмол  сайжруулаад явна.

Монголын  анхны Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирлын хувьд манай улсын эм зүйн салбарын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

Дэлхий дахинд эм зүйн салбар маш эрчимтэй хөгжиж байна. 2020 он гэхэд  эмийн зах  зээл дэлхийд 1.5 тэрбум  ам.долларт хүрнэ . Эмийн  үйлдвэрлэл, судалгааны ажил  нэн шинэ чиглэлээр хөгжихөөр байгаа. Тийм ч учраас   манай ирээдүйн  эмч зүйч нарт маш их ирээдүй байна. Дэлхий дахины хандлага нанотехнологи ,  биотехнологи  хоёрт  түлхүү төвлөрч байгаа. 

Манай Монгол улс бол уламжлалт эмийн маш их өв соёлтой, дээрээс нь түүхий эд баялагтай,  байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай орон . Эрс тэс уур амьсгалтай газар ургадаг эмийн ургамлуудад агуулагдсан бодис  исэлдсэн байдалтай байдаг.  Иймээс хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн эм, элэгний эсрэг хамгийн сайн эм гаргаж болох бүрэн бололцоотой. Дээр нь Монголын органик малын гаралтай бүтээгдэхүүнүүд байна. Энэ бүхнээр  бид маш сайн  эмийн бэлдмэл хийх бүрэн боломжтой. Тийм учраас шинэ эм  бүтээх  судалгааны ажилд маш их нөөц бололцоо байгаа . Хэдэн жилийн өмнө  Энэтхэгийн нэг доктор ирээд надтай уулзаж байхдаа Богд ууланд аялсан тухайгаа ярьсан .

Тэрээр элэгний хамгийн сайн эм танайхаас л гарах юм байна гэж хэлж байсан. Уулын ээвэр энгэр газарт ургасан ургамал уулын өндөр орой, сүүдэр газарт ургасан ургамал хоёр фитохимийн хувьд ялгаатай байдаг. Үүнийг миний багш, шинжлэх ухааны доктор, олон бодисыг шинээр нээсэн, академич н.Батсүрэн тодорхойлж ярьдаг байсан. Ер нь бол манай эм зүйн шинжлэх ухаанд, салбарын маань залуучуудад маш их ирээдүй байгаа.  Тэгэхээр одоо зөвхөн  сайн сурах л хэрэгтэй. Сайн сурч, бидний хийж чадаагүй зүйлийг л хийх хэрэгтэй байна .

Хоёулаа нилээн ажил ярилаа. Монос Групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн мэндийг ярилцлагынхаа эцэст хүргэе. Ингэхэд Монголын анхны Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал маань хэн бэ гэдэг уншигчдад сонин байж мэднэ?

Баярлалаа. Би  ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийг төгссөн.  Хүүхдийн эмийн сангийн эрхлэгчээр таван жил, Анагаах ухааны Үндэсний хүрээлэнгийн ЭША, ЭШ-ий ахлах ажилтанаар  15 жил ажилласан.  Улмаар Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлгийн  эм зүйн албаны даргаар 15 жил ажиллаж байгаад 2 жилийн өмнө Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирлаар томилогдсон.  Гэхдээ сургуулиа анх “Монос” коллеж нэртэй байхаас нь эхлэн багш, зөвлөх багшаар ажиллаж байсан. Манай сургууль Монос Групп үүсэн байгуулагдсаны  25 жилийн ойг угтаад олон ажил  амжууллаа. 25 бүтээлч ажил хийлээ.  Байгууллагын магадлан итгэмжлэх гэрчилгээг 10 жилээр,  Эмч зүйч  мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх гэрчилгээг 5 жилээр авсан байгаа. Сургууль дээрээ  эмийн ургамлын музей, спорт заал байгууллаа. Шинээр тэнхимүүдийг зохион байгуулсан, лабораториудыг нээсэн, мөн саяхан эрдмийн зөвлөлийн өргөөгөө шинэчиллээ. 2015 онд уламжлалт анагаах ухааны их эмчээр магистрын  сургалт явуулах, эм зүйн чиглэлээр докторын сургалт явуулах эрхээ авсан гэх олон амжилттайгаар группийнхээ 25 жилийн ойг угтаж байна даа.

Ер нь Эм зүйн хөгжлийн төлөө, эм зүйчдийн сайн сайхны төлөө сэтгэл нэгтэй зүтгэдэг хэдэн эрдэмтэд Монголд бий. Тэдний нэг нь Монос Группийн үүсгэн байгуулагч, академич Л.Хүрэлбаатар.  Энэ хүнээр удирдуулсан сайхан хамт олонтойгоо хамт ажилладагтаа баяртай явдаг. Моносынхон Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө цаашид ч зүтгэнээ. Энэ хамт олны нэгээхэн хэсэг болсон манай Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн хамт олон Эм Зүйн салбарт чадварлаг боловсон хүчин олноор төрүүлэхийн төлөө авьяас чадвар, мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллах болно.

 

М.Гал