Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэг
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Байгаль орчин

Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэг нь “Монос” группын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, Төрийн шагналт, доктор, профессор Лувсангийн Хүрэлбаатарын санаачилгаар 1999 онд байгуулагдсан юм. 

Цэцэрлэгт хүрээлэнг байгуулах болсон шалтгаанаа  доктор Л.Хүрэлбаатар:
“Монгол орон бол эмийн ургамлын нөөцөөр тийм баялаг орон биш. Маш олон төрлийн ургамал байдаг ч хөрс нь хуурайшилт ихтэй,  мөн их  таруу, сийрэг ургадаг. Зүгээр нэг маарамба хүн нэг хоёр хүний, тав арван хүний эмчилгээний хэрэглэх зорилгоор түүхэд бол боломжтой. Харин 1000 кг-аас  их хэмжээгээр ашиглахад боломжгүй шахуу л даа . Учир нь байгаль цаг уурын онцлогоос шалтгаалаад эмийн ургамлын чанар харилцан адилгүй байдаг.  Монгол орны өргөн уудам нутгаас түүх нь байтугай нэг уулын ар, өвөр талд ургасан ургамлын чанар хүртэл өөр байдаг. Энэ нь уг ургамлыг олон тоогоор үйлдвэрлэгддэг эмэнд  ашиглахад хүндрэл учруулдаг. Энэ мэтчилэн онцлогуудаас шалтгаалж, стандартын дагуу эмийн ургамлыг тарималжуулах зорилгоор энэ цэцэрлэгийг байгуулсан юм.” хэмээн тайлбарлажээ.
Тус цэцэрлэгт нийт 200 гаруй эмийн ургамал тарьсан бөгөөд   одоогийн байдлаар нэн ховордож буй Алтангагнуур, Хунчир , Монголд ургадаггүй  Зоосонцэцэг, мөн  Батраш, Толбот силибум зэрэг ургамлыг тарималжуулж, улмаар Монголд  эмийн ургамлын сангийн аж ахуй байгуулан хэдэн зуун  хэдэн мянган га газарт ч тарималжуулах  шинжлэх ухааны үндэслэл, технологийг бий болгоод байна.  Мөн 50 орчим мянган чацарганы мод тарьж буй.
Уг цэцэрлэгт эмийн ургамал судалж буй оюутнууд болон Ерөнхий Боловсролын Сургуулийн  сурагчид   ургамал  судлалын хичээлийн дадлага  хийн, олноор зочилдог бөгөөд Монгол орны ховордсон ургамлуудын генийн санг хадгалах нэн чухал үүргийг гүйцэтгэж буй Монос Группийн байгаль орчны чиглэлээрх хамгийн чухал ажлуудын нэг юм.